Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “People in Need” олон улсын төрийн бус байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран 2021 оны 09-р сараас 2022 оны 05-р сар хүртэл “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулсан.
Уг хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 900 гаруй сурагч өрсөлдсөнөөс 90 сурагчийг шалгаруулсан бөгөөд хөтөлбөрт 10 багш, 10 сайн дурын ажилтан, оюутан хамрагдсан.
Тус аймгаас хөтөлбөрт хамрагдсан 3 хүүхэд 2022 оны 05-р сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож, хөтөлбөрөө амжилттай дүүргэж, Батламжаа гардан авлаа.
Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд “Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт, Эрүүл хооллолт” сэдвүүдээр сургалтад хамрагдаж, дээрх сэдвүүдээр орон нутагтаа нөлөөллийн үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан.
Хөтөлбөрт амжилттай оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.