Монгол Улсын нийт хүн амын 29,8 хувь нь 15-34 насны залуучууд буюу 1,016,775 иргэн байна. Үүнээс 102,525 нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч буюу нийт залуучуудын 10 хүн тутмын нэг нь 10-12 дугаар ангид суралцаж байна.
Өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, 10-12 дугаар ангийн 76,537 сурагчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж, 752 сурагч мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдсан байна.
2022 оны жилд “Ирээдүйн эзэд” аяныг 04 дүгээр сарын 11-15 ний өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт, 04 дүгээр сарын 18-22 ны өдрүүдэд Төв, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймагт, 04 дүгээр сарын 25-аас 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-алтай, Ховд, Баян-өлгий, Увс, Завхан, архангай, Хөвсгөл аймагт, 05 дугаар сарын 09-13 нд Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудад зохион байгуулж, Нийслэлийн 9 дүүргийн хүрээнд 05 дугаар сарын 09-19-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдана.