Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт 07 сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 400 гаруй хүүхэд оролцсоноос Баян-Өлгий аймгаас 12 хүүхэд, тус газрын 2 мэргэжилтний хамт оролцлоо.
Энэ өдрүүдэд Монголын хүүхдийн зөвлөл байгуулагдаж, чуулганд оролцогч хүүхдүүд Монголын хүүхдийн зөвлөлийн цаашдын зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар санал солилцож дүрмээ баталж, өөрсдийн төлөөлөл, дуу хоолой болох тэргүүн, дэд тэргүүнээ сонгов.
Тус майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлж аймаг тус бүрд гэрчилгээ, тамга, тугийг гардуулав.